Илүүдэл жинтэй гэж шүүмжлүүлдэг байсан айдол

Red Velvet хамтлагийн гишүүн Wendy гайхалтай бэлхүүсээрээ олны анхаарлыг татаад байна. Тэрээр зургаан толгойт гэдэсний булчинтай болжээ. Wendy-г харсан фенүүд түүний төгс галбирыг бишрэн, fan cam-нийх нь дор сэтгэгдлүүд үлдээгээд байгаа юм. Тэгвэл Red Velvet хамтлаг дөнгөж дэбютээ хийж байх үед Wendy, Joy хоёрыг илүүдэл жинтэй гэж хүмүүс шүүмжилдэг байсан. Учир нь тухайн үед айдолууд заавал туранхай байх ёстой гэх хандлага эрчийг авсан байв. Одоо ч энэ хандлага хэвээрээ ч, туранхай гэхээс илүү эрүүл биетэй айдолыг илүүд үздэг болсон.

Wendy нэгэн ярилцлагандаа: “Би өмнө нь бүдүүн байсан. Тэр үед туранхай болохын тулд үнэхээр их дарамт мэдэрч байсан шүү. Маш хэцүү дэглэм барьж, байцаа, алим, хулуу л иддэг байсан. Дээрээс нь өдөр бүр дасгал хийдэг байлаа. Ийнхүү хичээсний эцэст дөрвөн сарын дотор 15 кг турсан. Түүнээс хойш энэ жингээ хадгалаад, дасгал хөдөлгөөн их хийхийг хичээж байгаа” гэж ярьжээ.